За ингээд гэрт ердөө ээж, би, ээжийн гэдсэн дотор байгаа дүү бид 3 үлдлээ. Хоёр ой ч хүрээгүй би тэр үед ээжид хань болно гэж юу байхавдээ. Урдаа тулгар гэдэстээ хүнд улам л хүндрэл учруудаг байсан байлгүй. Гэтэл нэг өдөр (хугацаанаасаа өмнө) ээж өвдөж эхэллээ. Ядаж байхад манайд утас байсангүй. Би дээрээс нь уйлаад л, хоол нэхээд л улам ээжийг сандруулсаар. Эмнэлэгрүү явах боломж байсангүй. Угаасаа оройтсон байлаа. Ингээд ээж маань гэртээ төрчихсөн юм. Дөнгөж төрсөн дороо хүйгээ тасдаж чадахгүй байж. Угаасаа тэнд хөлд ороод удаагүй надаас өөр туслахаар хэн ч байсангүй. Эцэст нь хайч, үнэртэй ус аваад ир гэсэн ээжийн үгийг арайчүү ойлгосон би гэрийнхээ бүх юмыг ухсаар байгаад хамгийн сүүлд нь хайч бас үнэртэй ус аваачиж өгч. Ээж үнэртэй усаар хайчаа ариутгаад хүйгээ тасаллаа.
Ийм л түүхтэйгээр би дүүгээ эх барьж авсан юмдаа. Гэвч хүй таслах хугацаанд хичнээн ч удсан юм бүү мэд, бас дараа нь ээж манайд хүн иртэл бас бүтэн өдөр болсон гэсэн. Тэгээд хамгийн сүүлд цагаан халаадтай эмчийн бараа хараад л ухаан алдсан гэсэн. Их цус алдсанаас болоод ухаан балартаад байсан ч ээж маань хүүхдээ орхиод ухаан алдчихалгүй тэвчсэн юм байналээ. Эх хүний сэтгэлийн хүч гэдэг биемахбодийн хүчээс хэд дахин илүү гэдэг л энэ болов уу. Хожим энэ төрөлтөөс болж ээж бие муутай болсон ч хүүгээ эсэн мэнд аварч чадсанаараа их аз жаргалтай байдаг хүндээ .
Тэр үед хугацаанаасаа өмнө төрж бид бүгдийг сандаргаж байсан дүү маань сая хэдхээн хоногийн өмнө аав болж үрийн зулай үнэрлэсэн баярт мэдээ манайханыг бүгдийг баярлуулаад авлаа.
Амьдрал ч ийм дээрээ сайхан шүү дээ. Саад бэрхшээл амьдралд зөндөө боловч тэр бүрийн цаана заавал аз жаргал байдаг гэдэгт би итгэдэг. Итгэсээр ч байх болно. Амьдралын хүрд өчүүхэн ч зогсолтгүй эргэлдсээр, амьдрал үргэлжилсээр...














































































