Tuesday, March 31, 2009

Хүн бүхэнд сайн сайхныг хүсье

Амьдрал аа би чамд хайртай. Амьдрал ч бас надад хайртай. Угаасаа хайраас хайр л төрдөг. Хайр гэхээр та нар заавал эр эмийн дундах хайр сэтгэлийн хайр гэж битгий ойлгоорой. Хайр гэдэг бол зөвхөн ганц нэг тодорхойлолтоор хязгаарлагдахгүй бүх сайхан сэтгэлийн илрэл, мөн чанар, үр дүн юм шүү дээ.

Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Гадаадад бол тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Гэхдээ хаа очиж Монголчууд бид энэ баярыг их сайхан утгаар нь хүлээн авч хөгжилтэй, гэрэл гэгээ цацарсан сайхан өдөр гэж ойлгодог. Тийм ч болоод тэр үү өнөөдөр сэтгэл минь гэрэлтээд, бие организм ч гэсэн нэг л таатай байна. Цаанаа л нэг хөгжилтэй. Хэн нэгнийг цаашлуулж, хуурмаар ч юм шиг. Өнөө өглөө бүх зүйл сайхан санагдаад, хүн болгонд сайхан сайхныг хүсмээр, гудамжаар явж хүмүүс нэг л золбоотой, цоглог бас өнгөлөг. Өглөөний 8 цаг өнгөрөөд ажилдаа явж байхад Улаанбаатар хот маань өглөөний нарны шаргал туяанд ямар гоё харагдаж байсан гэж бодно. (энэ хэсгийг гадаад байгаа хүмүүст зориулав)

Юутай ч бид амьдралыг юу гэж ойлгож, юу гэж хүлээж авна, амьдрал бидэнд тийм л зүйлийг өгнө. Тиймээс сайн сайхан бүхнийг мэдэр. Ийм сайхан эерэг энергитэй өдөр инээж баясаж, хөгжилд. Энэ дэлхийн бүх хүнд инээд, хөөр, баяр баясал хангалттай хүрэлцэнэ.

За тэгээд хүн бүхэнд, бүх найзууддаа, бүх уншигчиддаа сайн сайхныг хүсье. Өөр өөрийнхөө амьдралдаа нар шиг гэрэлтэж яваарай.
Цааш нь унших...

Monday, March 30, 2009

“Агаарын чөлөөт бүс” байгуулж болох уу?

За яг нэршилийн хувьд чухам юу гэж нэрлэхийг нь сайн мэдэхгүй юм. Ямартай ч одоо ярих гэж байгаа зүйлээ “агаарын чөлөөт бүс” гэж нэрлэе.

Монгол улс нь хууль эрх зүйн орчноороо баталгаажуулсан Алтанбулаг, Замын Үүд гэсэн 2 худалдааны чөлөөт бүстэй. Эдгээр нь харьцангуй шинээр бий болж байгаа зүйл тул одоохондоо үндсэн утгаараа ажиллаж эхлээгүй байна. Бас Цагаан нуур, Чойр гэсэн дахиад хоёр худалдааны бүс байгуулах бэлтгэлээ базаагаад байгаа аж. Үнэндээ газарзүйн байршлын хувьд хоёрхон том хөрштэй манай орны хувьд тийм олон худалдааны чөлөөт бүс байгуулах шаардлага байгаа ч юм уу үгүй ч юмуу. Магадгүй дахиад нэг “Эрээн”-ийг бий болгох эхний алхам нь Монголд байгуулагдаад байгаа өнөөгийн худалдааны чөлөөт бүсүүд байж болох юм. Сүүлийн хэдэн жилийн гадаад худалдааны дүнгээс үзвэл Монголчууд бидний гадаадад зарсан зүйлс нь маш бага (уул уурхайн салбарыг оролцуулахгүйгээр) харин худалдан авсан зүйлс нь маш их байх юм. Ийм нөхцөл байдалд чөлөөт бүс байгуулах шаардлага бага байх нь тодорхой.

За үндсэн асуудалдаа оръё. Миний хэлэх гэж байгаа санаа бол чөлөөт бүс гэхээр заавал боомт шиг улсын хил дээр байх шаардлагагүй. Учир нь манайх шиг хоёрхон хөрштэй ийм орны чөлөөт бүсэд бусад өөр орнууд хөрөнгө оруулалт хийх сонирхол бага байх нь гарцаагүй. Иймээс өнөөгийн чөлөөт бүсүүд үйл ажиллагааны хувьд ашиггүй, үр дүн багатай болж таарч байна. Тэгэхээр хамгийн боломжтой гарц нь улсынхаа төв хэсэгт (дэд бүтэц хөгжсөн газар байвал зүгээр) ч юмуу нэг газар сонгоод тэндээ зөвхөн олигтойхон шиг нисэх онгоцны буудал бариад, тэрийгээ түшиглээд худалдааны чөлөөт бүс байгуулах хэрэгтэй. Угаасаа манай улс чинь геополитикийн хувьд евроазийг холбосон маш боломжийн байршилд байдаг орон шүү дээ. Европийг Азитай холбох хамгийн дөт зам Монгол дээгүүр дайран өнгөрдөг. Тийм болхоор ингэж “агаарын чөлөөт бүс” бий болговол юун нөгөө хоёрхон улстай хөршлөх хорь, гучаар тогтохгүй улсууд тэнд хөрөнгө оруулалтаа хийж худалдаа арилжаагаа явуулна. Тэндээс нь харин манай улс татвар, төлбөрөөс авхуулаад эдийн засгийн хувьд нэн таатай боломжуудыг олж авах юм.

Энэ шинээр байгуулах агаарын чөлөөт бүс нь манай улсын улс төрийн хил дотор орших боловч гаалийн хилд ордоггүй нутаг дэвсгэр байх ёстой бөгөөд өөрөөр тайлбарлавал, чөлөөт бүс нь тус улсын үндсэн хуулиар заасан нутаг дэвсгэрт хамаарах боловч, тухайн улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй худалдаа, эдийн засаг болон санхүүгийн хууль тогтоолууд нь чөлөөт бүсэд хамааралгүй байж болно. Иймээс чөлөөт бүс нь улс дундын бизнесийн салбарын хамгийн таатай орчин юм.

Тэгвэл ямар боломжууд үүсэх гэвэл:

  1. Чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно. Түүнчлэн чөлөөт бүсэд олсон орлогоо шууд улсын бусад нутаг дэвсгэр болон гадаад руу шилжүүлэх боломжтой. Харин чөлөөт бүсээс харъяалагдах улсын нутаг дэвсгэр руу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх болон эсрэгээр нь тус улсын нутаг дэвсгэрээс чөлөөт бүс рүү татах үйлдлүүд нь гадаад руу бараа бүтээгдэхүүн үйлчилгээ экспортлох, гадаадаас импортлохтой ижил бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийх, татвар хураамж хийх шаардлага гарна.
  2. Тухайн улсад шинээр нэвтрүүлэх үйлдвэрийн болон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэр худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг болохоор, шинээр үйлдвэр нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байх болно.
  3. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах Дээр дурьдсаны нэгэн адил чөлөөт бүсэд үйлдвэр шинээр нээн хөгжүүлэх нь саад бэрхшээл, хүндрэл багатай байх тул гадаадын хөрөнгө оруулагч нар тус бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийх болно. Үүнтэй уялдан улс оронд шинэ технологи нэвтрэх явдал нь түргэснэ.
За бодоод үзэхэд болохгүй гэх газаргүй л байгаа биз дээ.


Цааш нь унших...

Sunday, March 29, 2009

Хүн болсны үнэ цэнэ буюу 3 сайн үйл

Би 2006 онд анхныхаа мэргэжлийн номыг хэвлүүлсэн юм. Тэгээд номоо гаргасан хүн чинь тэрийгээ тэмдэглээд нэг хэсэгтээ л хөл хөдөлгөөнд орлоо. Ажлынхан, найз нөхдийн зүгээс баяр хүргэж , урам хайрласан үгс эргэн тойрон үргэлжилсээр. Тэгсэн чинь манай нэг найз надад их ухаантай бодууштай сайхан үгийг хэлсэн юм. Тэр үг нь “Хүн энэ хорвоод амьдрах хугацаандаа мод тарих, ном бичих, хүүхэд төрүүлэх гэсэн 3 үйлийг хийсэн бол хүн болсныхоо хэргийг гаргажээ гэж үздэг юм. Миний найзад одоо 2 үйл хийх дутуу боллоо” гэж билээ.

Сүүлд нь энэ 3 сайн үйлийн цаад утга учрыг ойлгож үзвэл мод тарина гэдэг нь хүн энэ хорвоо дээр хөдөлмөрөөсөө таслаж үлдээж байгаа хэрэг юм байна, харин ном бичнэ гэдэг нь оюун ухаанаасаа үлдээж байгаа хэрэг, хүүхэд төрүүлнэ гэдэг нь бие махбодиосоо орчлон хорвоо дээр үлдээж байгаа хэрэг юм байна гэдгийг ойлгосон юм.

Мэдээж хүн болгон дээрх 3 үйлийг нэг бүрчлэн биелүүлэх нь юу л бол. Гэхдээ ойролцоо зүйлс байхад ч болно л доо. Жишээлбэл блог хөтлөх ч бас л хүний оюуны бүтээл. байшин барих ч бас хөдөлмөр, цусны донор хийнэ гэдэг бол биеэсээ тасалж хүнд амьдрал бэлэглэж байгаа сайн үйл шүү дээ. Ер нь бол аливаа зүйлийг зөв хийх нь чухал боловч зөв зүйлийг хийх нь илүү чухал гэдэг шүү дээ. Зөв үйл нь хувь хүний үнэ цэнэтэй амьдралын эхлэл, өрнөл, түүх нь болдог юм шиг.

Хамгийн гол нь хүн хийсэн бүтээсэн зүйлстэй байж амьдарсан шиг амьдарсан тэр амьдрал л үнэ цэнэтэй.
Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрэн дээр будаа тогтохтой ижил хэцүү зүйл болохоор нэгэнт хүн болж төрчихөөд хийсэн, бүтээсэн зүйлтэй, амьдарсан шиг амьдрах сайхаан.

Цааш нь унших...

Friday, March 27, 2009

“Боргио бид хоёр” гунигт, уянгын өгүүллэг

Анх би Боргиог АПУ-гийн бөөний дэлгүүрт өрөөстэй байхыг нь хараад шууд анхны харцаар дурлаж билээ. Гүйэ мөн сайхан амьтан байж билээ. Тэр сав баглаа боодол гээл. Хэний ч хараа булаасан. Цоо шинэхэн. Жинхэнэ нялх ногоо байж дээ.

Түүнээс хойш нээх удалгүй би Боргиотой нэг бааранд тааралдсан юм. Тэр уулзалт бид хоёрын 2 дахь учрал байж билээ. Тэр цагаас хойш бид хоёр зүү орох зайгүй сайхан үерхсэн юмдаг. 2003, 2004 онууд бол бидний алтан үе байж билээ. Яахав тэр үед миний араас Касс, Хайт, Хайнэкэн гээл бусад пивонууд гүйдэг байсан боловч би тоодгүй байсан юм. Бороо миний бие угийн үерхэлдээ үнэнч тул яахан харь орны пивонуудыг тоох билээ.
Гэвч энэхүү зүүд мэт сайхан үе минь нэг л өдөр өөрчлөгдөх юм гэж санасангүй.

Нэгэн үдэш миний хайрт Боргио маань нэг бааранд шаал өөр үнэтэйгээр байж байлаа. Би эхэндээ нүдэндээ итгэсэнгүй. Энэ чи мөн үү гэж асуулаа. Өөдөөс Боргио маань “тиймээ би байна гэхдээ чиний урдны хайрт чинь биш болсоон” гэх мэт гунигтайхан дүнсийнэ. Уур хүрсэндээ болоод ямарч хамаагүй пиво авч уулаа. Тэд хэдий хүйтэн байсан ч миний хайрт Боргиог яахан гүйцэх билээ.
Одоо ч гэсэн би түүнд сайн хэвээрэй. Гэвч тэр намайг бааранд орох тоолонд өөр өөр залуугийн өмнө дуртайяа хөөсрөн шаргалтах нь миний уурыг хүргэх авч басчгүй харцыг минь булаана.

Боргиод гомдсон би бээр Тайгэр, Сэнгүр, Жэм гээл янз бүрийн пивотой хамаагүй болздог боллоо. Гэвч сэтгэл минь цаанаа л нэг дундуур, нууцхан гунигтай. Аз жаргал минь болсон Боргио чи минь залуу насанд минь гал шиг ирчихээд, үнс шиг хийснэ гэж үү. Тэр цагаас хойш Боргио хэдэн ч удаа үнээ нэмэв дээ. Тэр тоолонд бас нэгэн залуугийн зүрх эмтэрдэг байсан биз. Дурлал, дарс хоёр нэгэн зүрхэнд багтадгүйм байна. Би мартахгүй ээ. Ай хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу.

Цааш нь унших...

Wednesday, March 25, 2009

Юм бүхэнд хоёр тал бий

Миний бодлоор бүх зүйлс харьцангуй бөгөөд туйлын, үнэмлэхүй гэсэн ойлголт байхгүй бололтой. Алдарт Алберт Энштэйний харьцангуйн онол зөвхөн физик оронзайд ч бус бүх зүйл дээр байдаг гэж би ойлгодог билээ.

Өнөөдөр үнэн зүйл маргааш худал зүйл болж хувирч ч болно. Харин худал байсан юмс үзэгдэл үнэн болж ч мэдэх юм. Хорвоо дээр оршин тогтнож байгаа бүх зүйлс мөнх бус бөгөөд бүх үйлдэл, үйл явцад төгсгөл гэж бий.

Бид ихэнхдээ хүмүүсийг муу хүн, сайн хүн гэх мэтээр сэтгэл дотороо өөрийн мэдэлгүй ялгачихдаг. Үнэндээ бидний муу хүн гэж бодоод байгаа хүн өөр хэн нэгний хувьд хайрын эзэн, ханийн түшиг бурхан шиг сайн нэгэн ч юм бил үү. Ха

Таны амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэж бодъё. Тэгвэл тэр хүнд хэцүү зүйлд сөхөрч ялагдахаасаа өмнө түүнийг үнэхээр муу зүйл мөнүү гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Италчуудын дунд өргөн хэрэглэгддэг үг л дээ “Хэрвээ байшин чинь нэгэнт шатаж байгаа бол чи ядаж дулаацаад аваач...” гэж. Хальтхан сонсоход ямар мулгуу үг вэ ч гэж бодмоор. Энэ нь саад, бэрхшээл, зовлонд ч бас ашигтай тал байдаг юмаа л гэсэн санаа. Хэрвээ чи шатаж байгаа байшингаа нэгэнт аварч чадхааргүй болсон бол тэр байдлын давуу талыг ашиглаа л гэсэн үг л дээ.

За тэгээд саад бэрхшээл байнаа гэдэг чинь тэрний цаана заавал нэг амжилт, аз жаргал байгаа гэсэн үг. Энгийн нэгэн жишээгээр тайлбарлахад л манай улсад эдийн засгийн хямрал боллоо гэж бодъё. Тэгвэл түүний ашигтай тал нь хүмүүсийг хямгач, тооцоотой байхад суралцуулж байгаа нэг хэлбэр гэх мэтээр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эерэг нөхцөл байдал байхгүй байсанч тийм эерэг нөхцөл байдалруу хандуулах хэрэгтэй гэж байгаа юм. Бодоод байхнээ юм бүхэнд хоёр тал бий. Харин хүн та өөрөө асуудалд аль талаас нь хандаж байгаагаас шалтгаалж үр дүн нь ч бас өөр өөр байна. Та жижигхээн асуудлыг зовлон шаналал гэж хүлээж аваад байвал үнэхээр л зовлон болж хувирна. Харин эерэг талаас нь хүлээн авбал таньд төдий чинээ эерэг энерги мэдрэгдэх болно.

Хэрээс хэтэрсэн хоол хор болдог, хэмжээ нь таарсан хор эм болдог. Бүх зүйлд хоёр тал бий. Гагцхүү сонголт таны өмнө байна.
Цааш нь унших...

Monday, March 23, 2009

Жаргалын төлөөх зовлон

Бараг бүх хүн жаргахыг хүсдэг биз ээ. Угаасаа зовохийг хүсдэг хэн байх вэ дээ. Тийм ч болоод тэрүү бүгд л жаргалын төлөөх их аянд мордоцгоодог.

Амьдрал гээч асар том ертөнцийн альхан хэсэгт нь тэр жаргал гээч нь байдаг юм бол...

“-Би жаргалтай амьдарч байна” гэж яагаад цөөхөн хэдхэн хүн л ам бардам хэлж бусад нь тэр үгэнд нь атаархдаг юм бол? Энэ асуултын хариултыг би олсон уу яасан нэг ийм бодол тархинд зурсхийлээ. Зурсхийх бяцхан галыг хөгжөөсөнөө доор сийрүүлвээс:

Жаргал гээчийг ямар нэгэн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай тул жаргалыг яг “энэ жаргал мөн” гэж тодорхойлох хэцүү. Иймээс энэ нь идеаль ойлголт болох талтай. Гэвч хүн төрлөхтөн бодитой, биетэй зүйлд л итгэдэг тул одоо байгаа аз жаргалаа жинхэнэ эсэхэд эргэлздэг, тэр ч битгий хэл зарим хэсэг нь жаргаж буйгаа ч анзаардаггүй. Тиймээс өнөөх ойртох тусам холддог яг солонго шиг тэр жаргалруу тэмүүлж, түүнийхээ төлөө өөртэйгөө болон өрөөл бусадтай тэмцэж эхлэдэг. Тэд жаргалд хүрэх замаа ихэвчлэн мөнгө, нэр хүнд, адбан тушаал гэх мэтээр ойлгодог тул тэднийгээ олж авхын тулд муу үйлийн үрийг өөрийн мэдэлгүй тарьдаг ба энэ нь эргээд зовлонгийн ургац болон өөрсдийнх нь амьдралд ирдэг аж.

Жаргалыг эрэлхийлэх хүмүүний сэтгэл зүйг бид “хүсэл мөрөөдөл” гэж нэрлэж болно. Хүсэлд хязгаар байхгүй боловч хясалтай тулгарах тэр зааг дээрээс амьдралын бодит мөн чанар ойлгогдоно. Үүнийг хүмүүс зовлон хэмээн нэрийддэг бололтой юм. Тэр заагт удаан орших хором мөч тутам болон түүнээс гарах гэсэн оролдлого бүр зовлонг зузаатгаж байдаг. Тэгэх тусам өнөөх жаргал маань улам бүүр алслагдсан мэт санагдах болно.

Үнэндээ жаргалд хүрнэ гэдэг нь цаг хугацаа, оронзайтай хамааралтай ойлголт биш бололтой. Харин өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг хүмүүс, орчин тойрноосоо эерэг энергийг авч чаддаг хүмүүс л аз жаргалтай байж чаддаг юм шиг. Тиймээс аз жаргалыг та эрж хайгаад хэрэггүй, харин зүгээр л мэдрээд үз... Юмыг яаж мэдхэв аз жаргалыг олчих ч юм бил үү.

Цааш нь унших...

Sunday, March 22, 2009

Яагаад ?

Яагаад хүн өөрийгөө агуу гэж бодох тусмаа улам л өчүүхэн болоод байдаг юм болоо? Яагаад агуу бүхэн эгэл даруухан энгийн хирнээ сүртэй байдаг юм бол.

Хүн яагаад заавал хагацаж байж л хайрын үнийг цэнийг мэдэрдэг юм бол, хүн яагаад зовж байж л сая нэг жаргалын тухай ойлголттой болдог юм бол... Амьдрал яагаад асуултанд хэлж хариулахгүй, амтлуулж хариулдаг юм бол.

Яагаад хүн гээч энэ биеийн дотор бурхан чөтгөр хоёр хоёулаа багтдаг юм бол.

Диваажинд бүгд итгэдэг атлаа яагаад тамд байдаг гэдэгт зөвхөн зарим нэг нь л итгэдэг юм бол... Хүмүүс үнэхээр бурханд үнэхээр итгэдэг юм бол яагаад тэд нүгэл гээчийг үйлддэг юм бол. Яагаад зовох цагтаа бусдыг санаад, жаргах цагтаа бурхдаа ч хүртэл мартдаг юм бол.

Яагаад асуулт болгонд нэг ижил хариулт байдаггүй юм бэ? Яагаад зарим асуултанд бүүр ямар ч хариулт байдаггүй юм бэ? Яагаад...Яагаад???

Цааш нь унших...

Wednesday, March 18, 2009

Ертөнцийг бүтээхүй

Бардамнал, хайр дурлал, мөрөөдөл, гуниг, айдас, бахархал, атаархал гээл бид тоолж баршгүй их идеаль ертөнцүүдийг бүтээжээ. Зөвхөн миний тархи л эрүүл саруул ажилж байгаа нөхцөлд би бахархаж, дурлаж, мөрөөдөж, гуниж, атаархаж чадна. Надад өөр юу ч хэрэггүй мэт. Би тэнгэрт бодол санаагаараа нисэж, хязгааргүйг хязгаарлаж, бүтээгээгүйг бүтээж чадна. Би агуу бөгөөд гайхамшигтай, аль эсвэл өчүүхэн бөгөөд өрөвдмөөр. Учир нь би өөрөө өөрийгөө бүтээсэн... бүтээсээр ч байгаа. Магадгүй энэ процесс үргэлжилсээр л байх биз.

***

Өглөөний сэрүүлэгний дуу намайг сэрээх нь мөнгөний төлөөх дайны дуудлага шиг. Гэрээсээ гараад явлаа. Энд миний сэтгэлгээний ертөнцөөс бүх зүйл нь өөр. Энд хүрээлж буй орчин, эргэн тойрны уур амьсгал, хандлага ер нь бүх юм тэс өөр тийм л ертөнц. Мөнгөгүй бол би энэ ертөнцөд идэж, ууж, амарч, эрүүл байж, урт насалж чадахгүй. Угаасаа энэ ертөнцийг би бүтээгээгүй. Өөр хэн нэгэн хэдэн мянган жилийн турш бүтээсэн тийм л хорвоо. Энд би бусдын зохиосон дүрмээр л тоглоно. Харин энэ тоглоомны бооцоонд нь залуу насаа тавьчихсан. Энд эргэж ухран алхаж болохгүй. Харин зүгээр л өнгөрсөнөө эргэж харж болно. Угаасаа энд цаг хугацаа хэнд ч, хэзээ ч ухрах боломж өгч байгаагүй. Цаашид ч өгөхгүй биз.

Хэрвээ энэ тоглоомонд хожигдвол (дайнд ялагдвал) миний залуу нас яах бол. Миний мөрөөдөл, хайр дурлал, итгэл, зүтгэлийг агуулсан залуу нас минь яах бол...

Дахиад л бүгдийн тухай бодлоо... Яаж би энэ гадаад ертөнцийг удирдан залах вэ? Эсвэл өнөөдрөөр маргаашийг нөхсөөр, маргаашийн төлөө өнөөдрийг золиослосоор л байх уу . Тэгээд бүүр орчлон тойрноо тэр чигээр нь умартан зөвхөн “шоргоолжний замаар” урагшлах гэж үү. Энэ бүхэнд гарц байх л ёстой

Бодсоор л...

Цааш нь унших...

Sunday, March 15, 2009

Даяаршилыг даван туулах дархлаажуулалт

Justify FullБид чинь хэл соёлын хувьд, эдийн засгийн хувьд аль хэдийнээ глобалчлагдчихсан дэлхийд амьдарч байна. Дэлхийн ихэнх хүн ам түгээмэл хэрэглэгдэх хэдхээн хэлээр харилцаж байна. Ардчилал, интернэт, телевизийн буянаар дэлхийн хаана юу болж байгааг мэдэж болжийно. Жишээлбэл: Япон залуучууд өнөөдөр яаж хувцаслаж байгааг, Америк залуучууд хэрхэн шоудаж байгааг, Африк хүүхдүүд ямаршуу нөхцөлд амьдарч байгааг, Солонгос залуус ямар пиво ууж байгааг гээл бүгдийг л шидэт тольтой мэт хардаг, мэддэг болчихож. Гэхдээ өнөөгийн нийгэмд мэдээлэл их тусмаа хэрэгтэй ч мэдээлэл болгонд тархиа угаалгахгүй үлдэх дархлаатай нь өнөөдөр хэдсэн билээ. Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв гэж нэг үг байдагдаа. Тэр үгээр энэхүү бичлэгээ өндөрлөе. Бичсэн зүйл минь хэдийгээр бага боловч тунгаан бодох их оронзайг урд тань үлдээе.

Цааш нь унших...

Tuesday, March 10, 2009

Газрын харилцааг завхруулагч “нэг даргын” гай

Уг нь манай газрын талын мэргэжилтнүүд ажил ихтэй улсууд л даа. Өдөр шөнөгүй өргөдөл, албан бичиг, кадастрын зурганд дарагдаж суудаг хүмүүс. Тэгээд зовж зовж арайхийж нэг хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн жилд газар өмчлүүлэх төлөвлөгөө гээд л олон олон бичиг баримтуудыг боловсруулж баталдаг юм. Даанч тэр бичиг баримтыг нь тоож харж, тонгойж үздэг нэг ширхэг ч дарга байхгүй нь харамсалтай. Харин ч бүүр тэрийг чинь зөрчөөд байгаа юм бишүү.

Жишээлбэл: нэг дарга нь сонгуулийн сурталчилгаа болгож зөвшөөрөлгүй буусан иргэдэд газрыг нь өмчлүүлчихнэ, нэг дарга хотын ерөнхий төлөвлөгөө зөрчиж хаа хамаагүй хороолол, байшин барих эрх өгнө, нэг дарга найзынхаа компанийг тендерт ялуулж улсыг хөрөнгийг шамшигдуулна, нэг дарга хамаатан садан, танил талынхаа мэдлэг чадваргүй хүмүүсээр газрын харилцааны салбарын албан хаагчдын орон тоог дүүргэнэ.

“Нэг даргын” гай нэг биш үргэлжилсээр. Нэг үхрийн эвэр доргиход мянган даргын чих халууцсаар. Газрын албад, агентлаг, хот төлөвлөлтийнхөний ажил, амьдрал өрнөсөөр л.

Цааш нь унших...

Thursday, March 5, 2009

Цаана чинь Орос, Хятад хоёр байна

Та, би, бид бүгд л их шалтагсаг хүмүүс. Ингээд хэлчихвэл та бүү бухимдаарай. Бид байнга л шалтаг тоочдог нь үнэн шүү дээ. Тийм юм болохгүй байна, ийм юм болохгүй байна гээл. Үнэндээ амьдрал дээр болж бүтэж байдаг нь цөөхөн тул хүлээгээд, шалтаг тоочоод суугаад байвал бид алдана уу гэхээс онохгүй нь лавтай.

Энэ удаад нэгхэн жишээн дээр авч үзье. Та нар магадгүй олон олон төслүүдээс “зах зээлийн багтаамж, гадаад дотоод орчны шинжилгээ” харж байсан байх. Оронзайн цар хүрээг нь аваад үзвэл зөвхөн л Улаанбаатрын иргэд, за үсрээд л Дархан, Эрдэнэтийн хэрэглэгчдрүү чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг төлөвлөсөн байдаг. Хоёр сая гаруйхан хэрэглэгчид гэдэг бол үнэндээ томхон сэтгэдэг хүний хувьд зах зээл биш. Монголд өргөн хэрэглээний бараа (саван, оо, ариун цэврийн хэрэглэл г.м) бүтээгдэхүүн зардаг хэдэн компани хувь хүмүүст л зах зээл байдаг бололтой. Бусад салбарт бол шалтаг тоочвол "сезонлог" зах зээлтэй л дээ. Энэ нь эрсдэлийг дагуулах нэг шалтгаан ч болж болох юм.

“Тэгвэл тэр багтаамж сайтай ЗАХ ЗЭЭЛ чинь хаана байна” гэсэн асуулт урган гарах байх л даа. Миний бодлоор тэр зах зээлийг би эхний ээлжинд ОХУ, БНХАУ хоёроос олж харж байна. Бид яагаад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ тэр хоёр оронд зарж болохгүй гэж. Сайн судалгааг нь хийгээд Монголынхоо түүхий эдийн зарим давуу талыг ашиглаад тэр хоёр оронд бүтээгдэхүүнээ борлуулъя л даа. Яагаад болохгүй гэж. Чанартай бүтээгдэхүүн, сэргэлэн шиг CEO хоёр байхад л хангалалттай. Бид алийн болгон орчноороо сэтгэх юм бэ. Жаахан холуур сэтгэе. Эхний ээлжинд хойд урд хоёр хөршөө сайхан гэгч нь чихдээдхэе. Дараа яршиг зүгээр тэр Америк, Англид нь юмаа заръя.

Ер нь бол Монголчууд гадаад зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй жишээ их л дээ. Гэхдээ тэр талаарх мэдээлэл бидэнд их бага байдаг учраас бид энэ талаар төдийлөн боддоггүй нь үнэн. Говь, Гоёо хэмээх ноолуурын брэндүүд гадаад зах зээл дээр зарагдаж байна. Нилээд хэдэн Монгол хувцасны үйлдвэрүүд гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. За тэр уул уурхайн салбарын тухай ярихаа энд түр орхий. Манай урлагийн салбарынхан гадаад зах зээлийг арай эрт мэдэрсэн л дээ. Язгуур урлагийн хамтлагууд, нугараачид, бүжигчид, зураачид гээл гадаад зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулдаг салбарынхан их байна. Бас Татар хамтлаг, Бийт боксчин Рэй нар арлын япон оронд өөрсдийн цомогоо борлуулж байна. Би сая том жижиг хэд хэдэн жишээ дурьдлаа.

Харин та одоо яах гэж байна. Монголдоо ч хамаагүй эхний ээлжинд бизнес хийнэ гээд төсөөлөөд үздээ. Сайн бодоод үзээрэй.
Одоо харин дараах асуултуудыг өөртөө тавь
1. Би юу чадах вэ, миний авъяас юу вэ, би юунд илүү дуртай вэ?
2. Миний ирээдүйн зорилго юу вэ, 10 жилийн дараа би ямаршуу амьдралтай байх бол?
3. Надад одоо ямар нөөц боломжууд байна, миний давуу тал юу вэ?
4. Миний дутагдал, алдаанууд юу вэ?, тэдгээрийг засах боломж байна уу?
5. Би төлөвлөсөн ажилаа ямар дараалалаар гүйцэтгэх вэ, альнаас нь эхлэх вэ, хэзээ эхлэх вэ, надад хэн, юу туслах вэ?

Мэдээж таньд боломж байгаа. Давуу тал ч байгаа. Бас дутагдалтай тал ч байгаа. Тэрийгээ засах боломж нь ч байгаа. Амьдралд үргэлж боломж байдаг бөгөөд гагцхүү таны сонголт, зорилго л шийднэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сайхан үг байдаг даа.

Өөрийгөө бүү гол, залуу хүн таны өмнө уртаас урт зам, гэрэлт ирээдүй хүлээж байна.
Цааш нь унших...

Tuesday, March 3, 2009

Симбиоз амьдрал…

Амьтан судлал хэмээх хичээл дээр үзсэн шиг санагдаж байна. Хоёр өөр төрлийн амьтан бие биедээ харилцан ашигтайгаар амьдрахыг симбиоз буюу хам амьдрал гэж нэрлэдэг. Амьтаны ертөнц нэвтрүүлгээр та бүхэн харсан биз амаа ангайн хэвтэх том матар, түүний шүдний завсараар гүйлдэх бяцхан шувууд... энэ чинь л нөгөө симбиоз амьдрал шүү дээ. Шувуунд ямар ашигтай вэ гэвэл матрын шүдний завсарт байгаа махаар хооллочихож байгаа юм. Аа харин матарт ямар ашигтай вэ гэвэл шүдээ сайхан цэвэрлүүлчиж байх юм. Нэг нэгнийгээ мэддэг учираас шувуу нь ч матраасаа айхгүй, матар нь ч бас амаа ангайгаад хэвтээд өгч байгаа байхгүй юу. Ер нь бол энэ найрсаг харилцаа нь тухайн амьтадын хувьд маш ашигтай харилцан түншлэлийг бий болгож чаддаг. Дэлхий дээр маш олон төрлийн амьтад далай болон эх газрын орчинд симбиоз шинжийн амьдралын хэв маягтай амьдарч байдаг гэнэ.

Миний бодлоор өнөөгийн Монголын улс төрд ч бас симбиоз хэв шинжийн харилцаа байдаг юм байна. Үүнийг ардчилсан намын өнөөгийн удирдлагууд болох “Алтан гадас” фракцийнханы жишээн дээрээс харж болно. Хэвлэл мэдээлэлээр бол тэд бүгд л ардчилалын төлөө гэж цээжээ дэлдэж, шүлсээ үсчүүлэгчид боловч үнэндээ Засгийн газар гэгч асар том “матрын” шүдний завсар дахь албан тушаал хэмээх амтат бялууны үнэрт татагдсан хөөрхий болжморууд шүү дээ. Энэ удаад болжморууд ч хүссэн бялуугаа аваад хэр хэрэндээ бондойчихсон сууж байгаа. Бид үүнийг тод нотолгоог хоёр шадар сайд болон 60:40-өөр тохирцсон дэд сайдуудын томилгооноос харж болно. Харин шүдний завсараас юм олж идэж чадаагүй болжморуудад бол орон нутгийн сонгууль хэмээх басчхүү чамлахааргүй сайхан үртэс ноогдож байгаа юм.

Фракц нэрээр халхлагдсан симбиоз амьдралаа гэж... Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх улс төрийн шилдэг арга бололтой. Харамсалтай тэр бүгдийнх нь халхавч жийрэг нь хууль цаазанд аргамжигдсан, худал үгэнд мэхлэгдсэн энгийн номхон ард иргэд л байх юм даа.

Цааш нь унших...