Thursday, May 6, 2010

Бэтмэний шаналал, Жокерийн философи, Харвей Дентийн эмгэнэл

Та бүхэний сайн мэдэх нэг киноны дүрүүдийн талаарх өөрийн үзэл бодолоо хуваалцахаар шийдлээ. Тиймээ энэ кино бол найруулагч Кристофер Ноланы бүтээсэн Warner Bros. киностудийн бүтээл “Dark Knight” кино юм. Гарсан даруйдаа кино ертөнцөд шуугиан тарьж АНУ, Канадын кинопрокатад шууд 11 рекорд тогтоож байсан гайхамшигтай бүтээл. Гэхдээ энэ удаад киноны тухай ярихыг хүссэнгүй. Харин тэрхүү киног жинхэнэ мөнх настай бүтээл болгож чадсан дүрүүдийнх нь өөр өөрсдийн онцлогийн талаарх үзэгчийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.





Бэтмэний шаналал
Гол дүр тэрбумтан Брюс Вэйн буюу Бэтмэн. Бэтмэн бол төгс төгөлдөрийг эрхэмлэгч бөгөөд шударга, аюулгүй, амгалан тайван, элбэг хангалуун нийгмийг хүсэмжлэгч нэгэн. Даанч хорвоо дэлхий хэзээ ч Бэтмэний хүссэн шиг биш болохоор түүний энэхүү оптимист мөрөөдөл “бодит амьдралын хана”-ыг мөргөн унана. Хүн л болсон хойно Бэтмэнийг дурлал хайр тойрч гарсангүй. Даанч хайртай болсон бүсгүй нь түүний сайн найзынх нь сүйт бүсгүй. Иймэрхүү дотоод сэтгэлийн зөрчилдөөнт байдлууд нь түүнийг сэтгэлийн шаналалд унагах бөгөөд Бэтмэн өөрийгөө өнөөх шударга бус бохир нийгмийн нэг хэсэг болгосон мэт. Гэвч тэр үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь түүний хувьд жинхэнэ ялагдал. Тиймдээ ч Бэтмэний дайсан бол төрөл бүрийн гэмт хэрэгтнүүд биш. Тэр байтугай Жокер ч түүний жинхэнэ дайсан биш. Харин түүний жинхэнэ бөгөөд хамгийн хэцүү дайсан бол тэр өөрөө.
Бодит байдал, хүсэл мөрөөдөл 2-ийн зааг дээр шаналан буй эгэл хүн болох Брюс Вэйний зовлонг баг зүүсэн супер баатрын дүр нь л бага ч болов нимгэлэх аж. Бэтмэн дотоод ертөнцдөө ч тэр, гадаад ертөнцөд ч тэр тэмцэл дунд амьдарсаар. Тэмцэлдэх тусам тэр өөрөө хурцлагдсаар.
Жокерийн философи
Шатаж буй овоолсон мөнгө, түүний хажууд бахдалтай нь аргагүй зогсох нүүрээ будсан гаж залуу. Тиймээ энэхэн хэсэг агшинаас та Жокерийн үзэл санааг бага ч болов гадарлаж эхэлнэ. Түүний амьдралын утга учир юу вэ? Алдар хүнд, мөнгө төгрөг, хайр дурлал биш. Гэр бүл бол бүүр ч биш. Яагаад гэвэл Жокер хүмүүсийг муу муухай, бузар булай гэдгийг мэднэ. Харин үүнийгээ нотлох нь Жокерийн амьдралын утга учир.
Жокерт хүмүүсийн амьдрал яг жүжиг шиг л санагдана. Бэтмэн сарьсан багваахайн багний цаана өөрийгөө нуудаг бол жирийн хүмүүс бүгд “нийгмийн төлөвшил” гэдэг айхтар багнийхаа цаана өөрсдийгөө нуун “амьдрал” хэмээх жүжигт дор бүрнээ дүр бүтээнэ. Үнэндээ бол хүмүүс муу муухай бүхний жинхэнэ эзэд. Тэдэнд араатаны ховдог хомхой зан, аймшигт бодолууд бий. Энэ байдалыг ил гаргах нь Жокерийн хүсэл мөрөөдөл. Харин яагаад Жокер ийм үзэл бодолтой болж төвөлшсөнийг хэн ч үл мэднэ. Магадгүй түүний туулж өнгөрүүлсэн амьдрал нь Жокерийг ийм болгосон ч юм билүү. Хэн мэдлээ. Мэдэхгүй чигээрээ тааварлаад явж байх нь илүү гоё ч юм шиг. Жокерийн амьдралыг үзэх песимист үзэл санаа, Бэтмэний оптимист хүсэл мөрөөдөлтэй перпикуляр байдлаар огтлолцсон нь тэр 2-ийг дайсан болгох гол шалтгаан болно.
Харвей Дентийн эмгэнэл
Харвей бол үнэхээр баатар. Түүнд Бэтмэнийх шиг сэтгэлийн шаналал, Жокерийнх шиг адын хүсэл байхгүй. Тэр үнэхээр жишиг хүн. Магадгүй Бэтмэний мөрөөдлийн ертөнцөд л Харвей шиг хүмүүс олноороо байдаг байх. Гэвч түүний төгс төгөлдөр байдал Жокерийг галзууруулах шахна. Жокерт Харвейг алах боломж зөндөө байсан. Харин “баатрыг алж болно, ялж болдоггүй юм” гэдгийг Жокер мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс хүмүүсийн бахархал, сайн сайхан бүхний итгэл найдвар болсон Харвейг эргээж хүмүүсийнх нь эсрэг хөдөлгөх заналт дайсан болгох ёстой. Харамсалтай нь Харвей маань Жокерийн төлөвлөгөө ёсоор хувирч бид бүгдийн мэдэх “Хоёр нүүрт (Two face)” болно. Жокер ялжээ. Сайн хүн хүртэл муу муухай болдогийн жишээг Харвейгээр баталж чадлаа.
2 нүүрт болж хувирсан Харвей Дент царай төрхөөрөө ч тэр, зоос шидэн сонголт хийдэг зуршилаараа ч тэр хүн төрлөхтөний мөнхийн сэдэв болох DILEMMA -г илэрхийлэх ажээ. Сонголт бүгдэд байгаа. Харин хаашаа вэ гэдэг нь гагцхүү таниас шалтгаална. Харвейгийн дүр гашуун бөгөөд эмгэнэлтэй хувь заяаг, хүсэл мөрөөдөл сайн сайхан яаж хормын дотор унтардагийг, сонголт ямар хувь заяа авчирдагийг харуулсаар...
“Dark Knight” киноны дүрүүдийн талаарх үзэгчийн буюу хувь хүний үзэл бодол нэг иймэрхүү. Та бүхэнд ч бас энэ киноны талаарх үзэл бодлын хувилбарууд байгаа бизээ. Тиймээс үзэл бодлоо хуваалцана гэж найдаж байна. Киноны тухай илүү ихийг уншъя гэвэл манай movie addict –уудын блог
movieclub.gblog.mn –ээр зочилоорой. Би бас энэ блогийннэг админ нь байгаа юм.
За тэгээд захихад манай мүүвийклаб блогийг эргэж тойрч байгаарай. Энд гоё гоё юм бичдэг, нийтэлдэг админууд зөндөө их байдаг юм билээ :D Кино сонирхогч эрхэм танд манай блог таалагдах нь лавтай.

10 comments:

  1. Шаналал, гүн ухаан, эмгэнэл хүнд нь тааруулсан нэг нэг үг. Ганцхан. Сайн бодож шүү

    ReplyDelete
  2. Айхтар өгүүлэмжтэй кино шүү.

    ReplyDelete
  3. Zohiol, jujigchidiin zohitsol sain bolsontoi holbootoi gej bodoj bn. Tiimdee mash goy kino bolson

    ReplyDelete
  4. Жокерийн дүр их гоё дүр. Зохиол нь сайндаа байна уу юундаа байна.Гэхдээ миний хувьд Бэтмэний сэтгэлийн шаналалыг илүү ойлгож байна. Хүсэл мөрөөдөл , бодит амьдрал 2 байнга зөрчилдөх юм.

    ReplyDelete
  5. Одоо бодоод байхад Жокерийн дүрийг "Тоглоомын онолоор" тайлбарлаж болох юм байна ккк

    ReplyDelete
  6. Dur bolgon ni goy kino shuu

    ReplyDelete
  7. mash goy kino shu. minii setgegdel ijilhen bna.

    ReplyDelete
  8. Kino-nii tuhaid yarih yum bhgui, Music-iin tuhaid yaj yavaad Hans Zimmer, James Newton Howard 2 hamtdaa ene kinond ajilladag bnaa...

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D